Монгол улсын Засгийн газар, ЭМЯамны 350 сая төгрөгний санхүүжилтээр 2019 оны 12 дугаар сард "Медигаз" ХХК ны инженер техникийн ажилтнууд эмнэлгийн байгууллагыг хүчилтөрөгчийн хийн системээр бүрэн  хангах хүчин чадал бүхий үйлдвэр байгуулж  ашиглалтанд хүлээлгэн өгөв.  Тус үйлдвэрийн нээлтийн арга хэмжээ 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулагдлаа.  Энэхүү  хүчилтөрөгчийн хийн системийн үйлдвэр  нь Өвөрхангай аймаг төдийгүй, бүсийн аймгуудын болон сум өрхийн эмнэлгүүдийг хүчилтөрөгчөөр хангах боломжтой.  Хүчилтөрөгчийн үйлдвэрт 3 төрлийн систем нэгэн зэрэг ажиллаж байна. Тодруулбал  БОЭТөвийг  93-99 хувийн хүчилтөрөгч, цэвэршүүлсэн өндөр даралттай агаар,  вакуум /сорох систем/-ээр хангана. Мөн БОЭТөвийн Төрөх эмэгтэйчүүд, Мэс засал, Хагалгааны нэгдсэн хэсэг, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ, Яаралтай тусламж, Дотор, Хүүхэд, хөнгөвчлөх  зэрэг хүчилтөрөгчийн хэрэгцээ шаардлага ихтэй тасгуудад байршуулсан нь учирч болохуйц хүндрэлээс урьдчилан сэргийлж байна. Тус систем нь хүчилтөрөгчийн зөөврийн баллон цэнэглэх хүчин чадалтай бөгөөд  бүсийн  5 аймгийн нэгдсэн эмнэлэг болон шаардлагатай сумдыг  “Хүчил төрөгч”-өөр ханган ажиллах боломжтой. Ингэснээр Улаанбаатар хотоос  тээвэрлэх тээвэрлэлтийн зардлыг  хэмнэж байна.

 Орон нутагт хүчилтөрөгчийн хийн системийн үйлдвэр байгуулагдсанаар:

  • Хуучин төмөр баллоныг өвчтөний орны дэргэд байрлуулж, эрсдэл үүсгэдэг технологийг халж орчин үеийн хананы хүчилтөрөгчийн системтэй болсон.
  • Хүчилтөрөгчийн нэгдсэн системтэй болсноор хүчилтөрөгчийн дутагдалд орсон өвчтөнд түргэн шуурхай хүчилтөрөгч өгч, эмнэлгийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг бий болгож, өвчтөнд хийх эмчилгээний аюулгүй байдал алдагдахгүй, эмч ажилчдын ажиллах нөхцөлд сайтар тохирсон зэрэг онцлог давуу талтай байна.
  • Өндөр өтгөрөлттэй хүчилтөрөгчийн ханын хийн системтэй болсноор эмнэлэгт хоног болоогүй нас баралтыг бууруулах, эрчимт эмчилгээний тасагт яаралтайгаар ирсэн эрхтэн тогтолцооны хүндрэлийг эмчлэхэд маш чухал ач холбогдолтой. Ялангуяа амьсгалын зам, хоол боловсруулах, тархи, нуруу нугас зэрэг эрхтэн тогтолцооны хүнд эмгэгийн үед хүчилтөрөгчийн дутагдалд орсноос хүний биемахбодийн амин чухал эрхтэнд эргэшгүй өөрчлөлтөнд орохоос сэргийлэх, хүчилтөрөгчийн дутагдлаас гаргахад маш чухал ач холбогдолтой бөгөөд урьд нь хэрэглэж байсан зөөврийн хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат нь тухайн өвчтөнд шаардлагатай хүчилтөрөгчийн 60-70%-ийг өгч байсан бол энэхүү өндөр өтгөрөлттэй хүчилтөрөгчийн ханын хийн системтэй болсноор өвчтөнд шаардлагатай хүчилтөрөгчийн 90-96%-ийг өгөх бүрэн боломж бүрдэнэ.
  • Уг систем нь өвчтөний ор тус бүрт хүрэх бөгөөд тухайн өвчтөн эмнэлэгт ирсэн даруйд хүчилтөрөгч өгөх нөхцөлийг бүрдүүлсэн орчныг байгуулж байна.