“ОРОН НУТАГТ ГЭМТЭЛ, СОГОГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” сэдэвт Гэмтэл согог судлалын XXI эрдмийн чуулган Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдав. Эрдмийн чуулганд ГССҮТөв болон 21 аймаг, нийслэлийн 9 дүүргүүд, УНТЭ, ТТАХНЭ, ШУТИС, “Мөнгөн Гүүр”, “Гранд Мед” зэрэг гэмтэл согогийн тусламж үйлчилгээ үзүүлдэг улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 100 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

Гэмтэл согог судлалын XXI эрдмийн чуулганд анагаахын багш, эмч, судлаач нарын судалгааны аман 14, ханын 12 илтгэлүүд тавигдлаа.

ШИЛДЭГ ИЛТГЭЛД: 1. ГССҮТөвийн гэмтэл согогийн мэс заслын их эмч И.Гантулга, “Металл ялтаст (DHS) болон хадааст (Intermedullary nailing) мэс заслын аргыг дунд чөмөгний эргүүлэг дайрсан энгийн хугарлын үед хийснийг эрт үеийн харьцуулсан судалгаа”,

2. ГССҮТөвийн гэмтэл согогийн мэс заслын их эмч С. Батсүх “Доод мөчдийн өнцөг засах мэс заслыг өвдөгний дурангын мэс засалтай хавсруулан хэрэглэх нь” ,

3. ГССҮТөвийн СМТСА-ны эпидемиологич эмч Б.Буян-Арвижих “2018 онд орон нутгийн замд бүртгэгдсэн зам тээврийн осол гэмтлийн шалтгаант нас баралтын хар цэгийн судалгаа”

4-р байр: ГССҮТөвийн ХГС-2 тасгийн гэмтэл согогийн мэс заслын их эмч Б. Солонго “Могойд хатгуулсан өвчтөнд ерөндөг эмчилгээ хийсний дараах клиник үр дүнг судлах” илтгэлээр тус тус шалгарлаа.

ШИЛДЭГ ХАНЫН ИЛТГЭЛД: 1. ГССҮТөвийн ЯҮ-1 тасгийн их эмч Д.Энхтүвшин “Гурван хэмжээст хэвлэгч анагаах ухааны салбарт нэвтрүүлсэн нь”,

2. Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн их эмч Э. Нямбаатар “Чөмөгт ясны гандан хэсгийн хугарлыг түгжээт хадаасаар хадаж бэхлэх эмчилгээний үр дүнг судлах нь” ,  

3.ГССҮТөвийн Лабораторийн тасгийн их эмч П.Оюунгэрэл “Цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ, өнөөгийн байдал”  сэдвээр тус тус шалгарлаа.

Тус чуулганы үеэр Монголын гэмтэл согог судлалын эмч нарын дунд жил бүр зохион байгууллагддаг Гэмтэл согог судлалын салбарын шилдэгүүдийг тодруулах үйл ажиллагаа боллоо.

2018-2019 оны Гэмтэл согог судлалын салбарын шилдэгүүдээр:

 1. Шилдэг мэс  засалч эмчээр М.Отгонбаяр, УНТЭ-ийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн тасгийн эрхлэгч

2. Шилдэг эрэмгий мэс засалч эмчээр Л.Гантөмөр, Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс засалч, гэмтлийн тасгийн эрхлэгч

3. Шилдэг залуу мэс засалч эмчээр Б.Мөнхбат, ГССҮТөвийн ГСБМЗТасгийн гэмтэл согогийн мэс засалч эмч нар шалгарч шагнагдлаа.